"Говийн уянга" хамтлагийн тухай танилцуулга

2012-4-3,

Бүжиг нь бүр хүй нэгдлийн үед хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаа, аж амьдралтай нягт холбоотой үүсч, үе үеийнхээ хүмүүсийн үзэл бодол, сүсэг бишрэл, зан үйлийг нь тусган харуулж байжээ.
    
          Анчин омгуудын хүмүүс анд явахынхаа өмнө далдын хүчинд сүсэглэн, ангаа олз омогтой болгохыг хүсэмжлэн бүжиглэхдээ нэг нь ямар нэгэн амьтныг дүрслэн бусад нь түүнийг агнаж байгаа байдлаар бүжиглэдэг байсан нь тэдний санаа сэтгэл, урам зоригийг бадрааж өгөхийн зэрэгзэрэгцээ зохих ёсны давтлага сургууль болдог байлаа.

          Ардын бүжиг нь дуу, хөгжимтэй холбоотой үүссэн бөгөөд хөгжим бол түүний үндэс нь болж өгдөг тул хөгжимгүй бүжиг гэж ер байдаггүй. Гэвч хөгжмийн хамгийн энгийн зэмсэг үүсэхээс өмнө хүртэл бүжиг нь бүжиглэгчид ба үзэгчдийн тодорхой хэмнэл бүхий алга ташилтар хийгддэг байсан бөгөөд одоо ч гэсэн дундат азийн зарим үндэстнүүдийн ардын бүжиг, Югослав ардын “Коло” зэрэг бүжиг нь зарим ая хөгжимгүйгээр бүжиглэдэг боловч хөгжмийн тодорхой хэмнэлд захирагдан, бөмбөр товшууртай зарим хөгжмийн зэмсэг дагалддаг байна.

Улс үндэстэн бүр нь өөрийн онцлогийг тусгасан ардын бүжгийн урлагтай байдаг ба энэ урлаг нь нийгмийн хөгжлийн дагуу өөрчлөгдөн баяжиж тусган илэрхийлдэгийн хувьд тус улс үндэстний өвөрмөц түүх нь болдог байна.

Ардын ийм бүжгүүд нь торгуудын “агсал”, “цацал”, буриадын “ёохор”, “хатриа”, халхын “тойрон бүжиг”, оросын “хоровод”, “кадриль”, украйны “гопак”, испанийн “болеро”, чехийн “полька”, польшийн “мазурка” гэх зэрэг байна. Ардын бүжиг нь тайзан дээр тоглогдохоор зохиогдсон бүжгээс ялгаатайгаас гадна бүх бүжгийн эх үүсвэр нь юм.

Ц.Сэвжидийн “Адуучин”, “Саальчин”, “Ээрүүлт”, “Жалам хар”, Г.Долгорсүрэнгийн “Үелзүүр”, “Эрх ишиг” “Эртний бүжиг” зэрэг олон арван бүжгийн зэрэгцээ орчин үеийн хүмүүсийн амьдрал ахуйг дүрслэн харуулсан “Нэхмэлчид”, “Цоглог залуу”, “Охидын уянга”, “Жимсчин” “Манай цэргийн жавхаа” зэрэг шилдэг бүжгүүдийг манай бүжиг дэглээчид найруулсан байна.

Монгол оронд эрт дээр үеэс бүжгийн урлаг үүсч, хөгжиж байсныг эртний бичиг судар, ардын аман зохиолоос судалж шинжилсээр байна. Эдгээр бичиг зохиолуудад эрт дээр үед “Дэвсэх мод” хэмээх эрэмгий ширүүн хөдөлгөөнтэй тойрон бүжиг, шувууд амьтдын төрх байдлыг дүрслэн харуулахын зэрэгцээ хүний зан төлөвийг бас илэрхийл сэн бүжиг, дуут бүжиг, үгтэй бүжиг, ёслолын бүжиг зэрэг олон төрөл зүйлийн бүжгүүд байсныг дурдсан байдаг. 

Монгол бүжгийн ихэд уламжлагдан ирсэн нэг хэлбэр бол биелгээ юм. Биелгээг гэрт буюу тойрон суусан хүмүүсийн дунд зай багатай газар бүжиглэдэг байснаас цээж гарын хөдөлгөөн нарийн хөгжсөн бөгөөд бүжиглэгчийн тоглолт чухал үүрэгтэй байв.

Биелгээ нь морин хуурын эгшиг, дууны аяар бүжиглэгдэн уг хөгжим дуунд туссан утга санааг илэрхийлдэг байжээ. Эрт дээр үед манай оронд ийм сайхан бүжгүүд байсан боловч тэр нь нийт ард түмний хүртээл болж хараахан чадаагүй бөгөөд нийгэмд нөлөөлөх хүчин зүйл болохгүй, гэр зуур айл хоорондын болон цөөн тооны хүмүүс буюу ноёд баядын зугаа цэнгэлийн хэрэглүүр болж байлаа.


бичсэн: dsaraa төрөл: мэдээлэл
idiomatic-dormant